БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ТУХАЙ ТОВЧ

Нэг. Газар нутаг, хүн ам, түүхийн тойм

Солонгосын хойг нь 220 мянган км2 нутаг дэвсгэртэй, үүнээс Умард Солонгос (БНАСАУ) 122 мянган км2, Өмнөд Солонгос (БНСУ) 99 мянган км2. Газар нутгийн 70 гаруй хувь нь уулархаг. Эх газрын эрс тэс, тэнгисийн зөөлөн дулаан уур амьсгал хосолсон бүхэлдээ дулаавтар, чийглэг уур амьсгалтай. Жилд дунджаар 1000 мм орчим тунадас унадаг. Умард Солонгос хойд талаараа БНХАУ-тай 1360 км, ОХУ-тай 17.2 км газраар хиллэдэг. Урд талаараа 38 дугаар өргөргийн дагуу 250 км үргэлжлэх хилийн шугамаар БНСУ-аас зааглагддаг. Хүн ам 24 сая, нийслэл Пёньянд 3 сая хүн амьдардаг. БНАСАУ нь 9 муж, 2 биеэ даасан хот, 25 хот, 81 дүүрэг, 147 хошуу, 3311 багтай. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн хоорондын тохиролцооны дагуу ЗХУ-ын арми 1945 оны 8 дугаар сарын 15-нд Солонгосын хойгийн 38 дугаар өргөргөөс хойшхи хэсгийг чөлөөлсөн. Япон бууж өгөх актад гарын үсэг зурснаас хойш 6 хоногийн дараа АНУ цэргээ Солонгосын өмнөд хэсэгт байрлуулсан бөгөөд энэ нь солонгос үндэстэн хуваагдсан гол шалтгаан гэж түүхчид үздэг. ЗХУ-ын Засгийн газар 1947 оны 9 дүгээр сард Солонгосын хойгоос 1948 оны эхээр цэргээ нэгэн зэрэг гаргах санал тавьсныг АНУ хүлээн авахаас татгалзжээ. 1950 оны 6 дугаар сарын 25-нд эхэлсэн Солонгосын дайн 3 жил үргэлжилж, 1953 оны 7 дугаар сарын 27-нд Солонгосын хойгт дайны гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан. Солонгосын дайнд 2 сая шахам хүний амь үрэгдэж, томоохон хот суурин, тариалангийн талбай сүйдсэн. Дайныг хэн өдөөсөн нь одоо хэр маргаантай хэвээр байна. Дайны дараа БНАСАУ-д сэргээн босголтын ажил эрчимтэй өрнөж, социалист орнууд үлэмж хэмжээний тусламж үзүүлсэн бөгөөд 1960-аад он гэхэд дайны сүйрлийг үндсэнд нь сэргээн босгожээ.

Хоёр. Улс төрийн дотоод байдал

БНАСАУ 1960-аад оноос Чучхе (бие даах)-гийн үзэл, нэг хүнийг тахин шүтэх өвөрмөц бодлого баримталж ирсэн бөгөөд энэ тухай үндсэн хууль болон СХН-ын программд хуульчлан бататгасан. БНАСАУ-д ард түмнийг Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын сургууль, үйл хэрэгт үнэнч болгон хүмүүжүүлэхэд нам, төр, армийн бүхий л бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна. Нам, удирдагчийн зүгээс улс орны дотоод, гадаад байдал хүнд хэцүү байгаа тул партизан маягаар ажиллаж, амьдарч, суралцахыг номлодог. Ким Ир Сенийг нас барснаас (1994) хойш Ерөнхийлөгчийг сонгоогүй. Үндсэн хуульд түүнийг “Мөнхийн Ерөнхийлөгч” хэмээн тунхагласан. Гурав. Нийгэм, эдийн засгийн байдал БНАСАУ-ын эдийн засаг 1970-аад оны дунд үе хүртэл нэлээд өсөлттэй явж байгаад 1980-аад оноос буурах хандлагатай болж, 1990-ээд оноос эдийн засгийн гол түнш болох ЗХУ болон социалист систем задарсантай холбогдон хүнд байдалд орсон. Эрчим хүч, түүхий эдийн хомсдолоос болж үйлдвэр, аж ахуйн газрууд зогсож, үр тарианы үйлдвэрлэл буурч, ард түмэн хоол хүнсээр гачигдах болов. Мөн сүүлийн жилүүдэд жил дараалан тохиолдож буй ган, үер зэрэг байгалийн гамшиг, эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйд ихээр нөлөөлсөн. Улс төрийн тогтолцоо: Төр, засгийн эрх мэдэл нэг хүн – Солонгосын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга Ким Жон Ирийн гарт төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засагтай коммунист улс. 1998 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Батлан хамгаалах хороог армийн удирдах дээд байгууллага төдийгүй нам, төр, засгийн удирдах эрхийг төвлөрүүлэн нэгтгэсэн өвөрмөц тогтолцоонд оруулсан. Үндсэн хуулинд Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь Ерөнхийлөгч гэж заасан бөгөөд одоогийн дарга Ким Ен Нам 2003 онд улиран сонгогдсон. Сонгуулийн тогтолцоо: Эрх баригч намаас баталж, нэр дэвшүүлсэн хүнийг өрсөлдөгчгүй сонгоно. 5 жил тутам сонгогдох нэг танхимтай парламент буюу Ардын дээд хурал, 687 гишүүнтэй. Ардын Дээд Хурлын дарга Чой Тхэг Бог. Ерөнхий сайд Ким Ен Ир, 2007 онд томилогдсон. АДХ-аас Сайд нарын танхимын гишүүдийг (Батлан хамгаалахын сайдаас бусад) томилдог. Газар нутгийн хэмжээ: 120.54 мянган км2 Хүн ам: 24 сая ДНБ* салбараар: 2006 онд: аж үйлдвэр- 43,1%, хөдөө аж ахуй –23,3%, үйлчилгээ – 33,6%. ДНБ-ий өсөлт : 2006 онд -1,1% ҮНБ: 2006 онд 25,6 тэрбум ам.доллар Нэг хүнд оногдох ҮНБ: 1108 ам.доллар Эдийн засгийн гол салбар: Уул уурхай, газар тариалан, хүнд, хөнгөн үйлдвэр, эм, далайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Гадаад худалдааны нийт эргэлт: 2007 онд 2941 сая доллар Экспорт: 2007 онд 919 сая ам.доллар, 2006 онд 950 сая ам.доллар Импорт: 2007 онд 2022 сая ам.доллар, 2006 онд 2050 сая ам.доллар Гадаад өр: 12,5 тэрбум ам.доллар Гадаадын зээл тусламж: Бие дааж хөгжих Чучхэ үзлийн дагуу гадаадын зээл тусламжаас татгалзаж байгаа. 2007 онд 372 сая ам.доллар (Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүнсний тусламж болон хоёр талын, засгийн газрын бус байгууллагуудын нэмэлт тусламж) Батлан хамгаалах зардал2: 2007 онд Улсын нэгдсэн төсвийн 15,7% Улсын нэгдсэн төсвийн орлого: 2,88 тэрбум ам.доллар, Зарлага: 2,98 тэрбум ам.доллар Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд хүнсний асуудлыг шийдвэрлэх, улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болох чулуун нүүрс, эрчим хүч, төмөр замын тээвэр, өнгөт металлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа материалыг өсгөн нэмэгдүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин бүх нийтийн хүч анхаарлыг дайчлан ажиллаж байна.